Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэй ОХУ-ын ЭСЯ-наас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн энэ сарын 16-ныг дуустал Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д болно. Энэ арга хэмжээний үеэр хойд хөршид чансаагаараа тэргүүлдэг 36 их, дээд сургуулийн тухай болон хэрхэн ОХУ-д сурч, ажиллаж, амьдрах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Мөн уг үзэсгэлэн яармагийн үеэр боловсролын асуудал хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, сурган хүмүүжүүлэх ур чадварыг шалгаруулах “Мөнгөн морин хуур” уралдаан, их, дээд сургууль төгсөгчидтэй хийх уулзалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
МҮОНРТ тус үзэсгэлэнгийн мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байгаагаас гадна Монгол талаас “Оросын боловсролын үзэсгэлэн-2019”-д оролцож, зочид төлөөлөгч болон иргэд олон нийтэд мэдээлэл сурталчилгаагаа хүргэж байна.
Дашрамд дуулгахад, “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэнг зохион байгуулагч түншээр "Түмэд" групп, мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, UBS, MNC телевиз ажиллаж байна.