MONTSAME.MN:

ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Оросын боловсролын үзэсгэлэн-2019” үзэсгэлэн яармаг дөрөв дэх жилдээ энэ сарын 14-16-нд болно. Энэ тухай МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-д зохион байгуулах үзэсгэлэнд ОХУ-д чансаагаараа тэргүүлдэг 36 их, дээд сургуулийн талаарх мэдээллийг нэг дороос хүргэх юм. Мөн Орос оронд суралцах, амьдрах, ажиллах, мэдлэг мэргэжил, карьераа өсгөх талаарх мэдээллийг үнэ төлбөргүй өгнө.

Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Татьяна Будаева: Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын иргэдийг ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах элсэлтийн нэгдсэн операторын үүрэгтэй ажиллаж байна. ОХУ-ын Засгийн газрын төсвийн хөрөнгөөр, үнэ төлбөргүй сургах 15 мянган хуваарь гаргадгаас Монголд 500 хуваарь ирж байгаа нь "дээд амжилт" юм. Үзэсгэлэнгийн үеэр, олон ажил зохион байгуулахаас гадна сургалт, элсэлтийн шалгалт, оюутны байр, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх тухай мэдээллийг авч болно. Мөн оролцогчдын дунд хонжворт сугалаа явуулж ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний орой болон зуны эрчимжүүлсэн дамжаанд үнэ төлбөргүй суралцах эрх олгоно. Дэлхийд тэргүүлэх боловсрол эзэшихийг хүсэж байгаа хэн бүхэн жил бүр зохион байгуулдаг уламжлалт энэхүү үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг урьж байна.

ОХУ-аас Монгол Улсад суугаа соёлын атташе Шалимова Ольга Викторовна: ОХУ, ЗХУ-д сургууль төгссөн 60 мянга гаруй хүн Монгол Улсад өнөөдөр ажиллаж байна. ОХУ, Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь Монголд хуваарилж байгаа хуваарийн тооноос харагдана. Орос орон Монголын оюутнуудыг найрсаг хүлээн авдаг сайхан уламжлалтай. ОХУ-д эзэмшсэн чанартай боловсролын ачаар Монголын төгсөгчид эх орондоо мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Москвагийн Олон улсын найрамдлын их сургуулийн дэд захирал Ефремова Лариса Ивановна: Манай сургуульд 157 орны оюутан суралцдаг бөгөөд Монгол Улсад 1000 гаруй боловсон хүчнийг санхүү, эдийн засгийн чиглэлээр бэлтгэсэн. Өнөөдөр манай сургуульд Монголоос 150 гаруй оюутан суралцаж байна. Тэд хөдөлмөрч, сурлага сайтай, авьяастай гэдгийг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн Д.Цогзолмаа: "ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байгаа нь Монголын залууст Оросын боловсрол эзэмшихэд томоохон түлхэц болж байна. Оросын багш, сургууль оюутнуудтайгаа тулж ажилладаг арга хэлбэр нь хэвээр байгаа юм билээ. Багш нар нь оюутнууддаа байнга зөвлөн, тусалж дэмжин, шахаж шаардсаны үр дүнд чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин төрдөг. ОХУ-д суралцаж буй оюутны тоо жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь Монголд том хөрөнгө оруулалт болж байдаг" хэмээн ярилаа

Үзэсгэлэнг зохион байгуулах түншээр "Түмэд" групп, мэдээллийн ивээн тэтгэгчээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, UBS, MNC телевиз ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр боловсролын асуудал хөндсөн олон улсын эрдэм шинжилгээний хурал, сурган хүмүүжүүлэх ур чадварыг шалгаруулах “Мөнгөн морин хуур” уралдаан, их, дээд сургууль төгсөгчидтэй хийх уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.