Монголчуудын хувьд ОХУ-д суралцахад давуу тал их. Ирж, очих замын зардал харьцангуй хямд, зам харилцааны хувьд ойр дөт, харилцан визгүй, соёл, уламжлал, сэтгэлгээ төстэй гээд давуу тал олон байдаг. Дээрээс нь тус улсаас гадаад оюутнууд, тэр дундаа монгол оюутнуудад олгож буй боломж нөхцлүүд чанартай боловсрол эзэмшихийг хүссэн хэний ч сонирхлыг эрхгүй татах ажээ. ОХУ-д гадаадын оюутанг Засгийн газрын хөрөнгөөр санхүүжүүлж, тэтгэлгээр суралцуулах төлөвлөгөөний дагуу өнгөрсөн онд Монголд 500 тэтгэлэгт хуваарь ирсэн бол энэ онд ч адилхан 500 тэтгэлэгт хуваарь иржээ. Тиймээс тус улсын их, дээд сургуулиудад монгол хүүхдүүд суралцсан тохиолдолд тэтгэмж олгогдохоос гадна сурлагын дүнгээс хамаарч нэрэмжит буюу нэмэгдэл тэтгэмж олгодог байна. Мөн өнгөрсөн оноос эхлэн тус улс гадаадын оюутнуудын ажил хийх бололцоог нээж өгсөн байна. Тиймээс ахлах ангийн оюутнуудын хувьд суралцахын зэрэгцээ ажиллах боломжийг бас бүрдүүлж өгчээ.
Орост 60 мянга гаруй монгол иргэн суралцжээ
Үзэсгэлэнгийн хүрээ жилээс жилд өргөжин тэлж, ОХУ-д чанартай, чадварлаг олон монгол оюутан очиж суралцаж, сурлагын амжилт үзүүлж байгааг зохион байгуулагчид хэлж байсан. Тухайлбал, “ОХУ-д Монголын анхны оюутнууд 1922 оноос эхлэн суралцаж байсан. Үүнээс хойш Зөвлөлт холбоот улс, Орос улсад 60 мянга гаруй монгол иргэн янз бүрийн төвшний мэргэжил эзэмшиж, Орос оронд олж авсан чанартай боловсрол нь эх орныхоо хөгжлийн төлөө ажиллах суурь болж байна” гэдгийг Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын атташе Ольга Шалимова, “Орос-Монгол” найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд тэргүүн Д.Цогзолмаа, УТНИС-ийн олон улсын ажиллагааны дэд захирал Лариса Ефремованар онцолж байсан юм.
ОХУ-ын “ТОП-30” их, дээд сургууль таныг хүлээж байна
Энэ удаагийн үзэсгэлэнд онцлох зүйл олон байв. ОХУ-ын 2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын 100 хувь үнэ төлбөргүй суралцах 500 тэтгэлгийн эрхийн сонгон шалгаруулалтын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ учраас үзэсгэлэнг зорьж ирсэн хүн бүр тэтгэлгээр суралцах талаар мэдээлэл авах, тэтгэлэгт бүртгүүлэх хүсэлтэй оюутан залуусын сонирхсон асуултад хариулт өгөх, туслалцаа авах боломжийг бүрдүүлсэн байв. Тэр дундаа ОХУ-ын улсын чанартай, чансаа өндөр, “ТОП-30”-д багтах их, дээд сургуулиуд оролцсон юм. Тус улсын 20 орчим муж, хотын 30 гаруй их, дээд сургуулийн төлөөллөөс үнэн зөв, бодит мэдээллийг эх сурвалжаас нь авах боломжийг бүрдүүлж өгсөн нь талархууштай санагдлаа. Энэ жилийн “Оросын боловсролын үзэсгэлэн яармаг-2019”-ийг сонирхон судлах хүмүүс нь ганцхан ахлах ангийн төгсөгчдөөр хязгаарлагдсангүй. Үзэсгэлэнд монгол сургуулийн ахлах ангийн сурагчид мөн Монголд суралцаж буй Орос сургуулийн ахлах ангийнхан, их, дээд сургуулийн I, II курсын оюутнууд, эцэг эхчүүд, мэргэжлийн зэргээ ахиулан суралцах хүсэлтэй магистр, доктороор суралцах хүсэлтэй хүмүүс ирсэн байв. Мөн мэргэжлээрээ ОХУ-д дадлага хийх хүсэлтэй, Оросын их, дээд сургуулиудтай түншийн харилцаа тогтоох хувь хүн, албан байгууллагууд, их, дээд сургуулиуд хүрэлцэн ирсэн байлаа.