ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018” өнөөдөр нээлтээ хийнэ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайлов болон уг боловсролын үзэсгэлэнд оролцохоор ирсэн их дээд сургуулийн төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ноён Е.Г. Михайлов хэвлэлийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болох тус үзэсгэлэнд ОХУ-ын 16 муж, хотуудаас 31 их дээд сургуулийн төлөөлөгчид оролцохоор ирээд байна. Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь 2018-2019 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газраас анх удаа бүх түвшинд суралцах 500 хуваарийг 100 хувийн тэтгэлэгтэйгээр олгож байгаа нь 1990-ээд оноос хойш сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна” гэв.
Үзэсгэлэнгийн үеэр тэтгэлгээр элсэгчдийн бүртгэл болж, улмаар энэ сарын 19-26-нд сонгон шалгаруулалт явуулах юм. Владивостокийн эдийн засаг, үйлчилгээний их сургуулийн прокектор С.Ю.Голиков, “Манай сургууль нь эдийн засаг, инженер, олон улсын соёлын харилцаа, хэл зэрэг өргөн хүрээтэй сургалт явуулдаг. Бид оюутнууддаа гадаад дотоод гэж ялгалгүй адил шаардлага тавьдаг. Хамгийн гол нь оюутан хүн өөрийн сурлагадаа анхаарах ёстой. Одоогоор манай сургууль монгол оюутан хүлээж аваагүй байна. Гэхдээ сонгон шалгаруулалтын үеэр бид тоо харгалзахгүйгээр Монголоос оюутан авах хүсэлтэй байна” гэлээ.
Тэдгээр сургуулиудад монгол хүүхдүүд суралцсан тохиолдолд тэтгэмж олгох бөгөөд сурлагын дүнгээс хамаарч нэрэмжит буюу нэмэгдэл тэтгэмж олгодог байна. Мөн өнгөрсөн оноос эхлэн тус улс гадны оюутнуудын ажил хийх бололцоог нээж өгчээ. Үүний зэрэгцээ монгол хүүхдүүд ОХУ-д суралцахад төлбөр хямд, сургалтын чанар өндөр, харилцан визгүй, зам харгуйн хувьд бэрхшээлгүй, соёл уламжлал, сэтгэлгээ, бие биенээ ойлгох тал дээр хүндрэл бага гардаг болохыг хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцлов.
Үзэсгэлэнгийн хүрээнд маргааш ГХЯ-нд “Оросын боловсролын орчин үеийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болох аж.